4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."стандартчилал" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний харилцан орлуулалт, мэдээлэл, техник, хэмжилт, сорилтын нэгдмэл, нийцтэй, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтээр, дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагааг;

4.1.2."стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг;

Тайлбар:Энэ зүйлийн 4.1.2-т заасан “сонгон хэрэглэх баримт бичиг” гэж хүчин төгөлдөр стандартаас хэрэглэхэд тохирох стандартыг сонгохыг ойлгоно. /Энэ заалтын тайлбарыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.3."техникийн зохицуулалт" гэж бүтээгдэхүүний тодорхойлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн арга, стандарт, техникийн үзүүлэлт болон шаардлагыг эш татаж, эсхүл тэдгээрийн агуулгыг тусгаж эрх бүхий байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт бичгийг;

4.1.4."бүтээгдэхүүн" гэж үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцад бий болсон үр дүнг;

4.1.5."тохирлын үнэлгээний итгэмжлэл" гэж эрх бүхий байгууллагаас тохирлын үнэлгээний байгууллага нь тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн чадвартайг тогтоож, хүлээн зөвшөөрөх ажиллагааг;

4.1.6."тохирлын үнэлгээ" гэж бүтээгдэхүүн, ажилтны ур чадвар, менежментийн тогтолцоо нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг;

4.1.7."тохирлын үнэлгээний байгууллага" гэж энэ хуулийн 4.1.6-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий байгууллагыг;

4.1.8."нийлүүлэгчийн мэдэгдэл" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа талаар үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс бичгээр гаргасан нотолгоог;

4.1.9."аюулгүйн тэмдэг" гэж бүтээгдэхүүн нь техникийн зохицуулалтаар тогтоосон шаардлагыг бүрэн хангаж байгааг тодорхойлсон тэмдэглэгээг;

4.1.10."тохирлын баталгаа" гэж бүтээгдэхүүн нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцэж байгааг тодорхойлсон баримт бичгийг;

4.1.11."тохирлын гэрчилгээ" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг.

4.2.Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад нэр томьёог Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр, олон улсын стандартын байгууллагын ISO/IEC 17000, түүний 2 дугаар аргачлалд заасны дагуу тус тус ойлгоно.

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.