3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хүний эс, эд, эрхтэн" гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эс болон эдийн нийлмэл бүрдлийг;
3.1.2."амьд донор" гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг;
3.1.3."амьгүй донор" гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг;
3.1.4."тархины үхэл" гэж тархины болон тархины багана хэсгийн бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдсан байдлыг;
3.1.5."цусны донор" гэж хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг;
3.1.6."цусны байнгын донор" гэж жилд хоёр ба түүнээс дээш удаа цусаа өгөгчийг;
3.1.7."цус, цусан бүтээгдэхүүн" гэж эмчилгээний зорилгоор донорын цуснаас үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүнийг;
3.1.8."цус, цусны бүрэлдэхүүн хэсэг" гэж эмчилгээний ач холбогдол бүхий бүхэл цус, цусны эс, сийвэнг;
3.1.9."цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаа" гэж донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах, цусны донор элсүүлэх, цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох ажиллагааг;
3.1.10."реципиент" гэж амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгуулах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зайлшгүй шаардлагатай хүнийг;
3.1.11."эс, эдийн тохироо" гэж донор болон реципиентийн эс, эд удам зүйн шинжээрээ тохирохыг;
3.1.12."хүйн цус" гэж нярайн хүй таслагдсаны дараа ихсийн хүйн судсанд байгаа цусыг;
3.1.13."үүдэл эс" гэж хүйн цус, захын цус, ясны хэмээс гаргаж авсан эсийн бүрдлийг;
3.1.14."бэлгийн эс" гэж эр, эм бэлгийн эсийг;
3.1.15."донор бэлгийн эс" гэж өөр хүний эр, эм бэлгийн эсийг;
3.1.16."тээгч эх" гэж бусдын үр хөврөлийг тээж, хүүхэд төрүүлэх эмэгтэйг;
3.1.17."хүний эс, эд, эрхтнийг авах" гэж амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгийг эмнэлгийн нөхцөлд авахыг;
3.1.18."шилжүүлэн суулгалт" гэж эмнэлгийн нөхцөлд донорын эс, эд, эрхтнийг реципиентэд суулгах мэс ажилбарыг;
3.1.19."эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба" /цаашид "зохицуулах алба" гэх/ гэж эс, эд, эрхтнийг бүртгэх, нийлүүлэх, тээвэрлэх, хадгалах, хянах чиг үүрэг бүхий албыг;
3.1.20."сорьц" гэж оношилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор хүнээс авсан цус, эс, эд, эрхтний хэсгийг.