16 дугаар зүйл. Иргэний үнэмлэх

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Иргэний үнэмлэх

16.1.Монгол Улсын 16, түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна.

16.2.Иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэн анх удаа, 25, 45 нас хүрсэн иргэнд сольж олгоно.

16.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгосон иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоно.

16.4.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оршин суух хаяггүй иргэн, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг тус тус үндэслэн тухайн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгож болно.

16.5.Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:

16.5.1.төрсний гэрчилгээ;

16.5.2.эцэг /эх/, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх.

16.6.Монгол Улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна.

16.7.Иргэний үнэмлэхийг анх удаа болон 25, 45 насанд сольж авахад нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 45 өдрийн дотор олгоно.

16.8.Иргэний үнэмлэхийг дахин авах тохиолдолд нийслэлд ажлын 3, суманд ажлын 10, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор олгоно.

16.9.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхийг иргэнд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно.

16.10.Монгол Улсын харьяатаас гарсан хүний Монгол Улсын иргэний үнэмлэх, энгийн гадаад паспортыг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Дипломат төлөөлөгчийн газар хураан авч, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.