17 дугаар зүйл. Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримт
17.1.Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримт нь гадаад улсад Монгол Улсын иргэнийг гэрчлэх баримт бичиг болно.
17.2.Үндэсний гадаад паспорт нь дипломат, албан, энгийн гэсэн төрөлтэй байна.
17.3.Дипломат, албан гадаад паспортын хүчинтэй хугацаа 5 жил, энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жил байна. 16-аас доош насны хүүхдэд энгийн гадаад паспортыг 5 жилээр олгоно.
17.4.Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэхний загвар болон үндэсний гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар батална.
17.5.Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтыг дараах байгууллага олгоно:
17.5.1.дипломат, албан гадаад паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
17.5.2.энгийн гадаад паспортыг улсын бүртгэлийн байгууллага, Дипломат төлөөлөгчийн газар;
17.5.3.Монгол Улсад буцах үнэмлэхийг Дипломат төлөөлөгчийн газар;
17.5.4.хил нэвтрэх үнэмлэхийг орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасаг.
17.6.Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:
17.6.1.иргэний үнэмлэх;
17.6.2.16-аас доош настай бол төрсний гэрчилгээ, түүний хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл асран хамгаалагч, эсхүл харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэр.
17.7.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно.
17.8.Дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсад буцах үнэмлэх авах хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ.
17.9.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн энгийн гадаад паспорт, хил нэвтрэх үнэмлэх олгохыг түр түдгэлзүүлж болно.