18 дугаар зүйл. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл
18.1.Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ.
18.2.Иргэний 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газрын хаяг нь энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.
18.3.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд аймаг, сум, нийслэл, дүүргийн нэр, баг, хорооны нэр, дугаар, хороолол, гудамжны нэр, байр, хаалганы дугаар, газар зүйн нэр /газар, усны/-ийг бүртгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.4.16 хүртэлх насны хүүхдийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл нь түүний эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн байнга оршин суугаа газрын хаягаар тодорхойлогдоно.