10 дугаар зүйл. Хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулга

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулга

10.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:

10.1.1.хуулийн этгээдийн нэр, регистрийн болон хувийн хэргийн дугаар;

10.1.2.хуулийн этгээдийн төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл;

10.1.3.хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг;

10.1.4.хуулийн этгээдийг шинээр байгуулах, эсхүл өөрчлөн байгуулах, татан буулгах тухай;

10.1.5.үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;

10.1.6.үүсгэн байгуулах баримт бичиг;

10.1.7.өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах болон үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын талаар;

10.1.8.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн он, сар, өдөр;

10.1.9.компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

10.1.10.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар;

10.1.11.хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын албан ёсны хаяг, эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар;

10.1.12.хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл;

10.1.13.төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсан, цуцалсан тухай баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас;

10.1.14.хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.

/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд баримт бичгийн эх хувь болон өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална.

10.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

10.4.Эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хувьд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

10.5.Хуулийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд зөвшөөрөл болон зөвшөөрлийн баримт бичгийн хүчинтэй хугацааг тэмдэглүүлж болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.6. Хуулийн этгээдийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага холбогдох татвар төлсөн талаарх татварын албаны тодорхойлолтыг үндэслэн өөрчлөлтийг бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.