13 дугаар зүйл. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
13.1.Шинээр, эсхүл өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах, эсхүл хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргана.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан этгээд нэр авах хүсэлтийг биечлэн, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.
13.3.Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна:
13.3.1.кирилл үсгээр илэрхийлэгдсэн;
13.3.2.бусад хуулиар хориглоогүй.
13.4.Өргөдөл гаргагч шинээр болон өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана.
13.5.Энэ хуулийн 13.4-т заасан хугацааг 60 хүртэл хоногоор сунгаж болно.
13.6.Хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.4, 13.5-д заасан хугацаанд гаргаагүй бол хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хүчингүй болох бөгөөд энэ тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг энэ хуульд заасны дагуу дахин гаргаж болно.
13.7.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
13.8.Хуулийн этгээд татан буугдсан, нэрээ өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд олгоно.