58 дугаар зүйл. Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өр хураах нийтлэг журам
58.1.Татвар төлөгчийн татварын өрийг төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг гаргуулахаар тухайн этгээдэд доор дурдсан агуулга бүхий мэдэгдэх хуудас хүргүүлнэ:
58.1.1.өртэй татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
58.1.2.татварын өр үүссэн хугацаа, татварын төрөл, татварын өрийн дүн, татвар төлөх эцсийн хугацаа;
58.1.3.татварын өр төлөх газар, дансны нэр, дансны дугаар.
58.2.Энэ хуулийн 58.1.2-т заасан татварын өр төлөх эцсийн хугацаа нь мэдэгдэх хуудас хүргүүлснээс хойш ажлын 20 өдөр байна.
58.3.Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд энэ хуулийн 58.1.2-т заасан хугацаанд төлөөгүй бол татварын алба эрсдэлтэй татварыг урьдчилан хураах үйл ажиллагааг явуулахаас бусад тохиолдолд нэхэмжлэх хүргүүлнэ.
58.4.Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдэд энэ хуулийн 53, 54 дүгээр зүйл нэгэн адил үйлчилнэ.
58.5.Хөрөнгийн үнэ цэнэ огцом буурах магадлалтайгаас бусад тохиолдолд татварын өрийг өртэй татвар төлөгчийн битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдийн хөрөнгөөс татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж болохгүй.
58.6.Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс өртэй татвар төлөгчийн татварын өрийг гаргуулсан бол тухайн өртэй татвар төлөгчөөс нэхэмжлэх эрхтэй.
58.7.Татварын өрийг татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс гаргуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.