59 дугаар зүйл. Өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох
59.1.Татварын улсын байцаагч татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг дараах аргаар тогтооно:
59.1.1.хөрөнгийн байдлын талаар асуулга явуулах;
59.1.2.татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн хөрөнгийн байдлыг тогтоох;
59.1.3.энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан татварын албанаас хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаа явуулах;
59.1.4.хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалтыг гуравдагч этгээдийн мэдээлэл, лавлагаанд үндэслэн тогтоох.
59.2.Энэ хуулийн 59.1.1-д заасны дагуу дараах этгээдэд асуулга явуулж, шаардлагатай тохиолдолд тухайн этгээдийн хөрөнгийн талаарх бичиг баримтыг шалгаж болно:
59.2.1.өртэй татвар төлөгч;
59.2.2.өртэй татвар төлөгчийн хөрөнгийг эзэмшигч гуравдагч этгээд, эсхүл тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа гэж үзэх хангалттай шалтгаан бүхий гуравдагч этгээд;
59.2.3.өртэй татвар төлөгчтэй авлага, эсхүл өглөгийн харилцаатай этгээд, өртэй татвар төлөгчийн хөрөнгийг авсан гэж үзэх хангалттай шалтгаан бүхий этгээд;
59.2.4.өртэй татвар төлөгчийн хувь нийлүүлсэн, хөрөнгө оруулсан хуулийн этгээд.
59.3.Энэ хуулийн 59.1.3-т заасан нийтлэг ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 19.4-т заасан журмыг баримтална.
59.4.Энэ хуулийн 59.1.4-т заасан хөрөнгийн талаарх мэдээлэл, лавлагааг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагаас гаргуулж авна.
59.5.Татварын улсын байцаагч татварын өр хураах үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд өртэй татвар төлөгчийн оршин суугаа газар болон тухайн хөрөнгийг нуусан байж болзошгүй газарт үзлэг хийж болно.
59.6.Татварын улсын байцаагч үзлэг хийх явцад татварын өртэй этгээд болон гуравдагч этгээдээр хаалга, сейф, бусад агуулах савыг нээлгүүлэх, татвар төлөгч уг ажиллагааг хийхээс татгалзсан тохиолдолд татварын улсын байцаагч шаардлагатай арга хэмжээг авч нээж болно.