60 дугаар зүйл. Хөрөнгө битүүмжлэх

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

60 дугаар зүйл. Хөрөнгө битүүмжлэх

60.1.Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1-д заасан утгаар ойлгох бөгөөд барьцааны эрхгүй хөрөнгөөс эхлэн битүүмжлэх зарчим баримтална.

60.2.Энэ хуулийн 60.1-д заасан барьцааны эрхгүй хөрөнгөөс татварын өрийг хурааж хүрэлцэхгүй тохиолдолд барьцааны эрхтэй хөрөнгийг битүүмжилж болно.

60.3.Гуравдагч этгээдийн шаардах эрхтэй хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд тухайн гуравдагч этгээдээс татварын албанд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн өртэй татвар төлөгчийн битүүмжилсэн хөрөнгийг татварын өрийг хураах боломжтой, түргэн борлогдох болон гуравдагч этгээдийн эрхийн үйлчлэлгүй хөрөнгөөр сольж болно.

60.4.Татварын алба татварын өр хураах зардал бага байх, хөрвөх чадвар өндөртэй хөрөнгийг түрүүлж битүүмжлэх замаар татварын өрийг хураана.

60.5.Татварын өр хураахад шаардлагатайгаас бусад хөрөнгийг битүүмжилж болохгүй.

60.6.Битүүмжлэх хөрөнгийн үнийн дүн нь битүүмжлэх болон татварын өр хураах зардал, тухайн татварын өрөөс өмнө хураагдах барьцааны эрх бүхий гуравдагч этгээдэд төлөх өрийн нийлбэр дүнд хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хөрөнгийг битүүмжлэхгүй.

60.7.Татварын алба өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн бол битүүмжлэх актыг үйлдэнэ. Битүүмжилсэн хөрөнгө нь хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, банкан дахь данс, авлага, шаардах эрх бүхий биет бус хөрөнгө байгаа тохиолдолд битүүмжлэх акт, мэдэгдэх хуудсын хуулбарыг өртэй татвар төлөгчид хүргүүлнэ.

60.8.Өртэй татвар төлөгч татварын өрөө бүрэн барагдуулсан, эсхүл энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжлэх актыг хүчингүй болгоно.

60.9.Хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журмыг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 50, 51, 52, 53, 54, 56 дугаар зүйлд заасныг жишиг болгон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Тайлбар:"шаардах эрх бүхий биет бус хөрөнгө" гэж банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж, зээлийн хоршоонд оруулсан хөрөнгө, хувьцаа худалдах, худалдан авахаар брокер, дилерт өгсөн захиалга зэрэг хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.