61 дугаар зүйл. Битүүмжлэхийг хориглох хөрөнгө, орлого
61.1.Дараах хөрөнгийг битүүмжлэхийг хориглоно:
61.1.1.өртэй татвар төлөгч, түүний гэр бүлийн гишүүдийн өдөр тутмын хэрэглээний хувцас, хэрэглэл;
61.1.2.өртэй татвар төлөгчийн байнга амьдран суугаа зөвхөн нэг орон сууц болон өртэй татвар төлөгчийн хүйтний улиралд хэрэглэж байгаа түлээ, түлш;
61.1.3.газар тариалан, мал аж ахуй, гар урлал эрхэлдэг этгээдийн хувьд амьжиргааны эх үүсвэр болдог үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл, эд зүйлс, тоног төхөөрөмж, мал, малын тэжээл;
61.1.4.гамшиг, аюулт үзэгдэл, осол, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж байгаа тусламж, тэтгэлэг, хандив;
61.1.5.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
61.1.6.донорын олговор;
61.1.7.нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээний хүрээнд олгосон тусламж, дэмжлэг.
61.2.Удаан хадгалах боломжгүй, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, хуучирч элэгдэн хэрэгцээ хангахгүй болсон эд зүйлийг битүүмжлэхгүй.
61.3.Өртэй татвар төлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаасыг гэр бүлийн гишүүн, харилцан хамааралтай этгээдээс бусад гуравдагч этгээд эзэмшдэг бөгөөд тухайн гуравдагч этгээд нь шилжүүлэхээс татгалзсан тохиолдолд битүүмжлэхгүй.