62 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас битүүмжлэх, бэлэн мөнгө хураах, татварын өр гаргуулах

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

62 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас битүүмжлэх, бэлэн мөнгө хураах, татварын өр гаргуулах

62.1.Хөдлөх эд хөрөнгө, үнэт цаасыг битүүмжлэхдээ татварын улсын байцаагч тухайн хөрөнгийг татварын албаны мэдэлд авч хэрэгжүүлнэ. Битүүмжлэлийн үйлчлэл нь татварын улсын байцаагч хөрөнгийг татварын албаны мэдэлд авснаар үүснэ.

62.2.Өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох үед бэлэн мөнгө илэрсэн тохиолдолд татварын өрөөс илүүгүй хэмжээгээр хураан авч нэн даруй татварын орлогын дансанд шилжүүлнэ. Шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр тухайн татвар төлөгчөөс татварын өрийг хураасан гэж үзнэ.

62.3.Үнэт цаас битүүмжилсэн тохиолдолд татварын алба тухайн үнэт цаасыг борлуулж татварын өрийг хурааж болно. Үнэт цаасыг борлуулсан орлогын хэмжээгээр өртэй татвар төлөгчөөс татварын өрийг хураасан гэж үзнэ.

62.4.Татвар төлөгчийн хөрөнгөөс татварын өрийг хурааж хүрэлцэхгүй бол татвар төлөгчийн гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаасыг татварын албаны мэдэлд авна.

62.5.Энэ хуулийн 62.4-т заасныг хэрэгжүүлэхдээ гуравдагч этгээдэд хөрөнгийг ажлын 5 өдрийн дотор шилжүүлэх тухай бичгээр үүрэг болгож энэ тухай өртэй татвар төлөгчид мэдэгдэнэ.

62.6.Энэ хуулийн 62.5-д заасны дагуу гуравдагч этгээд хөрөнгийг шилжүүлээгүй тохиолдолд татварын улсын байцаагч тухайн хөдлөх эд хөрөнгө, үнэт цаасыг битүүмжилж болно.

62.7.Энэ хуулийн 62.4-т заасан гуравдагч этгээд нь өртэй татвар төлөгчтэй гэрээ байгуулсан түрээсийн эрх, үнэгүй түрээслэх эрх болон бусад хөдлөх хөрөнгийг ашиглах, эсхүл ашиг орлого олох эрхэд суурилсан эзэмшлийн эрхтэй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл гэрээг цуцлахгүйгээр гурван сараар хязгаарлан тухайн хөдлөх хөрөнгийг ашиглах, ашиг орлого олох хоёр нөхцөлөөс аль нэгийг нь сонгох боломжтой.

62.8.Татварын алба шаардлагатай тохиолдолд битүүмжилсэн хөдлөх хөрөнгө, үнэт цаасыг өртэй татвар төлөгч, эсхүл тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа гуравдагч этгээдэд хадгалуулж болно. Хадгалсан газар нь энэ хуулийн 62.1-д зааснаас үл хамааран лацдах, олон нийтэд мэдээлсэн болон бусад битүүмжлэл тодорхойлох аргаар битүүмжилсэн болохыг илэрхийлсэн тохиолдолд битүүмжлэл үйлчилж эхэлсэн гэж үзнэ.

62.9.Энэ хуулийн 62.8-д заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийг хадгалуулсан тохиолдолд татварын өр хураахад хүндрэл үүсэхгүй нь тодорхой бол татвар төлөгчид уг хөрөнгийг ашиглах, эсхүл ашиг орлого олохыг зөвшөөрч болно.

62.10.Татварын улсын байцаагч үнэт цаасыг битүүмжлэх актыг тухайн үнэт цаасыг арилжих, бүртгэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдэд хүргүүлж гүйцэтгэнэ.

Тайлбар: "мэдэлд авах" гэж татварын алба татварын өртэй этгээдийн хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг өөрчлөхгүйгээр тухайн хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлан битүүмжилсэн тухай тэмдэглэгээ үйлдэх арга хэмжээг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.