63 дугаар зүйл. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах
63.1.Үл маргах журмаар татвар төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх, татварын өрийг гаргуулахад дараах журмыг баримтална:
63.1.1.татварын улсын байцаагч татварын өрийг өртэй татвар төлөгчийн банкан дахь мөнгөн хөрөнгөөс хураах тухай битүүмжлэх мэдэгдэх хуудсыг татварын албаны даргаар батлуулан харилцагч банканд хүргүүлэх;
63.1.2.энэ хуулийн 63.1.1-д заасан битүүмжлэх мэдэгдэх хуудсанд өртэй татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг шилжүүлбэл зохих банкны нэр, дансны дугаар, харилцагч банкны нэр, хаяг, татварын өр хураах үндэслэл, татварын өрийн дүн, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох тухай заах;
63.1.3.битүүмжлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан даруйд банк битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд өртэй татвар төлөгчийн нэг буюу түүнээс дээш дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлэх;
63.1.4.банкан дахь мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөгдөх шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг бүхий авлагыг хамруулсан бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, тухайн данснаас татварын өрийг битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд шилжүүлэх.