64 дугаар зүйл. Авлага битүүмжлэх, татварын өр гаргуулах
64.1.Авлага битүүмжлэх ажиллагааг өртэй татвар төлөгчид өглөгтэй гуравдагч этгээдэд битүүмжлэх мэдэгдэх хуудас хүргүүлж хэрэгжүүлнэ. Авлага битүүмжлэх ажиллагаа авлага битүүмжлэх мэдэгдэх хуудсыг гуравдагч этгээдэд хүргүүлснээр эхэлнэ.
64.2.Авлагыг нийт дүнгээр нь битүүмжлэх боловч татварын өр авлагаас бага тохиолдолд хэсэгчлэн битүүмжилж болно.
64.3.Цалин хөлс, болон тэдгээртэй адилтгах байнгын орлогыг битүүмжлэх ажиллагаа битүүмжилсний дараа орж ирэх орлогоос хураавал зохих татварын өрийг бүрэн хураах хүртэл хугацаанд үргэлжилнэ.
64.4.Татварын улсын байцаагч авлага битүүмжлэхдээ шаардлагатай тохиолдолд холбогдох бичиг баримтыг хурааж болно.
64.5.Татварын улсын байцаагч татварын өрийг битүүмжилсэн авлагаас гаргуулан хураах эрхтэй.
64.6.Цалин хөлс /цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого хамаарна/-ийг битүүмжлэхэд дараах журмыг баримтална:
64.6.1.татварын улсын байцаагч татварын өрийг өртэй татвар төлөгчийн цалин хөлснөөс гаргуулахын тулд цалин хөлсийг олгох үүрэгтэй хувь хүн, хуулийн этгээдэд битүүмжлэх мэдэгдэх хуудас хүргүүлэх;
64.6.2.битүүмжлэх мэдэгдэх хуудсанд өртэй татвар төлөгчийн нэр, хаяг, битүүмжлэгдсэн цалин хөлсийг шилжүүлбэл зохих банкны нэр, дансны дугаар, татвар төлөгчид цалин хөлсийг олгох хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, татварын өрийн дүн, төлбөр хийх хуваарь, битүүмжлэх мэдэгдэх хуудсыг гардуулсан огноог тус тус заах;
64.6.3.битүүмжлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан хувь хүн, хуулийн этгээд нь цалин хөлсийг олгох өдөр төлбөрийн хуваарийн дагуу татварын өрийг суутгаж, суутгал хийснээс хойш ажлын 3 өдрийн дотор битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд шилжүүлэх;
64.6.4.татварын өрийг шүүхийн шийдвэрээр төлөх үүрэгтэй авлагыг хамруулсан бусад авлагаас түрүүлж шилжүүлэх;
64.6.5.өртэй татвар төлөгч ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл халагдсан бол ажлын 7 өдрийн дотор татварын өрд суутгасан дүн болон өртэй татвар төлөгчийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг татварын албанд хүргүүлэх;
64.6.6.цалин хөлснөөс татварын өрийг гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 119.2-т заасныг баримтална.
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
64.7.Авлага битүүмжилсэн хугацаанд өртэй татвар төлөгч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болгохыг хориглоно.