65 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх, татварын өр гаргуулах

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

65 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх, татварын өр гаргуулах

65.1.Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, үйлчлэлийн хугацаа болон битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, ашиг орлого олох харилцааг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

65.1.1.үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ өртэй татвар төлөгчид битүүмжлэлийн хуудас хүргүүлэх бөгөөд битүүмжлэх ажиллагаа нь тухайн битүүмжлэлийн хуудсыг өртэй татвар төлөгчид хүргүүлснээр эхлэх;

65.1.2.татварын алба үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн талаар бүртгэх байгууллагад бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг битүүмжлэлийн хуудас хүргүүлэхээс өмнө хийсэн бол энэ хуулийн 65.1.1-д заасныг үл хамааран бүртгүүлснээр битүүмжлэх ажиллагаа үүсэх;

65.1.3.татвар төлөгч битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, ашиг орлого олох боломжтой боловч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг огцом бууруулах магадлалтай үйлдэл хийх гэж байгаа нь тогтоогдсон тохиолдолд татварын алба тухайн үл хөдлөх хөрөнгийн ашиглалт болон ашиг олох үйл ажиллагааг хязгаарлаж болох бөгөөд энэ нь битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах болон ашиг орлого олох эрхтэй гуравдагч этгээдэд мөн хамаарах.

65.2.Агаарын хөлгийг битүүмжлэх, үйлчлэлийн хугацаа болон битүүмжилсэн агаарын хөлгийг түр зогсоох ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

65.2.1.агаарын хөлгийг битүүмжлэхдээ энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасныг баримтлах;

65.2.2.нислэг үйлдэхэд бэлэн байгаа агаарын хөлгөөс бусад агаарын хөлгийг татварын албаны шийдвэрээр түр хугацаагаар зогсоох;

65.2.3.татварын өр хураах үйл ажиллагаанд шаардлагатай бол битүүмжилсэн агаарын хөлгийг хамгаалах, хадгалах арга хэмжээг авах;

65.2.4.энэ хуулийн 65.2.3-т заасан арга хэмжээг битүүмжлэлийн хуудас хүргүүлэхээс өмнө авсан бол тухайн арга хэмжээг авах үед битүүмжлэх ажиллагааг эхлэх;

65.2.5.татварын албаны даргын шийдвэрээр агаарын хөлгийг битүүмжилсэн, эсхүл энэ хуулийн 65.2.2-т заасны дагуу зогсоосон агаарын хөлгийг хүндэтгэн үзэх шалтгаантай бол хөдөлгөх зөвшөөрөл олгох.

65.3.Автомашин, барилгын тоног төхөөрөмжийн битүүмжлэх ажиллагаа, үйлчлэлийн хугацаа болон битүүмжилсэн автомашин, барилгын тоног төхөөрөмжийг хөдөлгөх, ашиглах ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

65.3.1.улсын бүртгэлд бүртгэлтэй автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэхдээ энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасныг баримтлах;

65.3.2.автомашин, барилгын тоног төхөөрөмж битүүмжлэхэд энэ хуулийн 65.2.3, 65.2.4-т заасныг дагаж мөрдөх;

65.3.3.татварын албаны шийдвэрээр автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх бөгөөд энэ тохиолдолд өртэй татвар төлөгч тухайн хөрөнгийг татварын албаны мэдэлд шилжүүлэх;

65.3.4.энэ хуулийн 65.3.3-т заасны дагуу автомашин, барилгын тоног төхөөрөмжийг татварын албаны мэдэлд шилжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 62.1, 62.4, 62.5, 62.6, 62.7, 62.8-д заасныг дагаж мөрдөх;

65.3.5.татварын алба энэ хуулийн 65.3.3-т заасны дагуу мэдэлдээ авсан автомашин, барилгын тоног төхөөрөмжийг өртэй татвар төлөгч болон тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа гуравдагч этгээдэд хадгалуулж болох бөгөөд лацдах, олон нийтэд мэдэгдэх аргыг хэрэглэх зэргээр автомашин, барилгын тоног төхөөрөмжийг татварын алба мэдэлдээ авсныг тодорхой болгох;

65.3.6.Татварын алба энэ хуулийн 65.3.3, 65.3.5-д заасны дагуу мэдэлдээ авсан, эсхүл хадгалуулсан автомашин, барилгын тоног төхөөрөмжийг хүндэтгэн үзэх шалтгаантай бол ашиглуулахыг зөвшөөрөх.

Тайлбар:"агаарын хөлөг хадгалах, хамгаалах" гэж тухайн агаарын хөлгийг нислэг үйлдэх боломжгүй болгож байрлуулах, эсхүл агаарын хөлгийн бүртгэлийн баримт бичиг бусад хөдөлгөөнд оролцоход шаардагдах бичиг баримтыг хураан авахыг хэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.