68 дугаар зүйл. Битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа
68.1.Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан бол эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 63 дугаар зүйлд зааснаас бусад тухайн татвар төлөгчийн битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхгүй.
68.2.Татвар төлөгч өөрийн ногдуулсан татвараа хуульд заасан хугацаанд нь төлөөгүйн улмаас үүссэн татварын өр, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нөхөн ногдуулалтын актын өр, эсхүл нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлын дагуу төлөхөөр Маргаан таслах зөвлөл болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн татварын өрийг татварын алба битүүмжилсэн хөрөнгө, энэ хуулийн 53.6, 53.7, 53.8-д заасан барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлнэ.
68.3.Татварын алба энэ хуулийн 68.2-т заасан хөрөнгийн дуудлага худалдааны үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу тогтооно.
68.4.Тухайн татвар төлөгч болон татварын улсын байцаагч, татварын албаны ажилтан мөнгөн хэлбэрт шилжүүлэх хөрөнгийг шууд болон шууд бус байдлаар худалдан авах эрхгүй.
68.5.Шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг дараах нөхцөлд явуулна:
68.5.1.тухайн хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахад тохиромжгүй, эсхүл түргэн гэмтэж муудахаар байх;
68.5.2.Хөрөнгийн биржид бүртгэлтэй хөрөнгийг тухайн өдрийн зах зээлийн үнээр борлуулах бүрэн боломжтой байх;
68.5.3.дуудлага худалдааг хоёр удаа зохион байгуулсан боловч оролцогч байхгүй, худалдах үнэ нь дуудлага худалдааны анхны үнэд хүрэхгүй, эсхүл худалдан авагч төлбөр төлөх хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс худалдан авах шийдвэрээ цуцалсан байх.
68.6.Дуудлага худалдаагаар болон шууд гэрээгээр борлуулсан хөрөнгийн орлого нь татварын өрийг хураахад хүрэлцэхээргүй бол татвар төлөгч уг татварын өрийн үлдсэн хэсгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
68.7.Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.