69 дугаар зүйл. Мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлогыг хуваарилах

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

69 дугаар зүйл. Мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлогыг хуваарилах

69.1.Мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хөрөнгийг хуваарилахдаа дараах зарчмыг баримтална:

69.1.1.татварын алба битүүмжилсэн хөрөнгийн борлуулсан орлогын дүн болон үнэт цаас, авлага, эсхүл биет бус хөрөнгийн битүүмжлэлийн дагуу гуравдагч этгээдээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг /цаашид "шилжүүлсэн мөнгөн хөрөнгө" гэх/ битүүмжлэлтэй татвар, суутгах хүсэлт гаргасан татвар, битүүмжилсэн хөрөнгийн барьцаат эрх, ипотекийн эрх, түрүүлж авах давуу эрхийн дагуу барьцаалагдсан авлагад хуваарилах;

69.1.2.битүүмжилсэн мөнгөн хөрөнгө болон суутгалын хүсэлтээр хүлээн авсан мөнгөн хөрөнгийг тухайн битүүмжлэл, эсхүл суутгалын хүсэлтэд хамаарах татварт шилжүүлэх;

69.1.3.энэ хуулийн 69.1.1, 69.1.2-т заасны дагуу хуваарилсан мөнгөн хөрөнгөөс үлдсэн тохиолдолд тухайн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өртэй татвар төлөгчид олгох;

69.1.4.шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь энэ хуулийн 69.1.1-д заасан татвар болон бусад авлагын нийт үнийн дүнд хүрэлцэхгүй бол энэ хуульд заасан татварын давуу эрхийн зарчим, Иргэний хууль болон бусад хуульд заасан дараалал, үнийн дүнг тогтоон хуваарилах;

69.1.5.энэ хуулийн 69.1.1, эсхүл 69.1.2-т заасны дагуу татварын хуваарилалт хийгдсэн мөнгөн хөрөнгийг татвар, алданги, торгуульд хуваарилахдаа энэ хуульд заасан татварын өр барагдуулах дарааллыг баримтлах.

69.2.Авлагатай этгээдээс татварын албанд гаргасан хүсэлтийг дараах байдлаар хянана:

69.2.1.энэ хуулийн 69.1.1-д заасан авлагатай этгээд хөрөнгө худалдах шийдвэр гаргахаас өмнө татварын албанд хандан авлагын хүсэлт гаргах;

69.2.2.татварын алба энэ хуулийн 69.2.1-д заасан авлагын хүсэлтийг хүлээн авч, нягтлах бөгөөд бүртгэгдсэн барьцаат авлагын эрх, ипотекийн зээлийн эрх, түрүүлж авах давуу эрх болон бүртгэх боломжгүй барьцаа, эсхүл түрүүлж авах давуу эрх нь мэдэгдэж байгаа этгээд авлагын хүсэлт гаргаагүй тохиолдолд татварын албаны дарга тухайн авлагын хэмжээг тодорхойлох;

69.2.3.энэ хуулийн 69.1.1-д заасан битүүмжилсэн хөрөнгийн барьцаат эрх, ипотекийн зээлийн эрх, түрүүлж авах давуу эрхийн дагуу барьцаалагдсан авлагын хувьд энэ хуулийн 69.2.2-т заасан авлагаас бусад авлагатай этгээд хөрөнгө худалдан борлуулах шийдвэр гаргах хүртэл авлагын хэмжээтэй холбоотой хүсэлт гаргаагүй бол тухайн авлагатай этгээдэд хуваарилахгүй байх.

69.3.Хуваарилалтын тооцооллын акт үйлдэх, шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг олгохдоо дараах байдлаар хэрэгжүүлнэ:

69.3.1.Татварын алба энэ хуулийн 69.1-д заасны дагуу хуваарилахдаа хууль тогтоомжийн дагуу хуваарилах авлага, энэ хуулийн 69.2.2-т заасны дагуу татварын албаны тодорхойлсон дүн, энэ хуулийн 69.3.2-т заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх хугацаа болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан хуваарилалтын тооцооллын акт үйлдэн, түүний хуулбарыг мөнгөн хөрөнгийг шилжүүлснээс хойш ажлын гурван өдөрт багтаан авлагын хүсэлт гаргасан этгээд болон энэ хуулийн 69.2.2-т заасны дагуу авлагын хэмжээг тодорхойлсон авлагатай этгээд, өртэй татвар төлөгчид хүргүүлэх;

69.3.2.шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг авлагатай этгээдэд олгох хугацааг хуваарилалтын тооцооллын актын хуулбарыг хүргүүлснээс хойш ажлын долоон өдрийн дараагийн өдөр гэж үзэх;

69.3.3.татварын алба шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тухайн хуваарилалтын тооцооллын актын хугацааг үндэслэн олгох.

69.4.Хуваарилалтын тооцооллын акттай холбоотой санал, гомдлыг шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг олгохоос өмнө гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.