75 дугаар зүйл. Татварын албаны чиг үүрэг
75.1.Татварын алба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
75.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах;
75.1.2.татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
75.1.3.төсвийн орлогыг бүрдүүлэх.
75.2.Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
75.3.Энэ хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчид хүргүүлсэн зөвлөмжийг доод шатны татварын алба нь хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд уг зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөмж гаргасан этгээдээс зохих тодруулгыг авч болно.
75.4.Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын мэргэшсэн зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах эрхтэй.
75.5.Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх харилцааг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.
75.6.Татварын алба татварын хууль, тогтоомжийг олон нийтэд танин мэдүүлэх зорилгоор татварын хууль тогтоомж, заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулна.
75.7.Татварын алба цахим хуудсандаа татварын хууль тогтоомжийг байршуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийг хамарсан сурталчилгаа, сургалт, мэдээллийн нэвтрүүлэг зохион байгуулах, нийтлэл гаргана.
75.8.Татварын алба бүх нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллана.