76 дугаар зүйл. Татварын албаны үйл ажиллагааны зарчим, эрх үүрэг, хориглох зүйл

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

76 дугаар зүйл. Татварын албаны үйл ажиллагааны зарчим, эрх үүрэг, хориглох зүйл

76.1.Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

76.1.1.хууль дээдлэх;

76.1.2.бусдын нөлөөнд үл автах;

76.1.3.татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх;

76.1.4.доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах.

76.2.Хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтан татварын алба, татварын улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.

76.3.Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 76.2-т заасныг зөрчсөн этгээдийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргаж, учирсан хохирлыг барагдуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

76.4.Татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд шийдвэр гаргахыг хориглоно.

76.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглоно.

76.6.Татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллах бөгөөд татварын алба энэ үүргээ хэрэгжүүлэхгүй бол татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй.

76.7.Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана.

76.8.Татварын алба, татварын улсын байцаагч, хураагч нь хуульд заасны дагуу татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохгүй.

76.9.Татварын улсын байцаагч, хураагч нь хувийн зорилгоор татвар төлөгчтэй холбогдож түүнд аливаа хэлбэрээр зөвлөгөө өгөх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайланг гаргах, аудит хийх, татвараас зайлсхийхэд туслах, шаардахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.