77 дугаар зүйл. Татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх
77.1.Татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.
77.2.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны татварын хэлтэс, тасаг, татварын улсын байцаагч, хураагч нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын газар, хэлтсийн удирдлага доор тус тус ажиллана.
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
77.3.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
77.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө.
77.5.Аймаг, нийслэл, хот, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг дарга, хотын Захирагчтай зөвшилцөн томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийн "улсын зэрэглэлтэй" гэснийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
77.6.Аймаг, нийслэл, хот, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг санхүү, эдийн засаг, эсхүл нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй иргэнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулна.
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
77.7.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
77.7.1.татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалт болон төсөв хөрөнгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах;
77.7.2.татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
77.7.3.энэ хууль болон татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд тушаал гаргах, нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлал, акт, маягтын загварыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах;
77.7.4.татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх;
77.7.5.татварын хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, тэдгээрийг татварын албанаас хэрэгжүүлэх арга, хэлбэр, боломжийн талаарх саналаа бэлтгэж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;
77.7.6.орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын хэлэлцээрийн төсөлд санал бэлтгэж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;
77.7.7.татварын алба, улсын байцаагчийн шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох;
77.7.8.татварын албаны ажилтныг шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах;
77.7.9.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, хот, дүүргийн татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх;
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
77.7.10.татварын албаны дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
77.7.11.хууль тогтоомжид заасны дагуу татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох ажлыг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах;
77.7.12.татварын улсын байцаагчийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах;
77.7.13.татварын албаны төсөв, хөрөнгийг захиран зарцуулах;
77.7.14.татварын албыг гадаад, дотоодод болон шүүх, арбитрт төлөөлөх;
77.7.15.Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг боловсруулж, батлах.
77.8. Сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны татварын ажилтныг тухайн аймаг, хотын татварын албаны дарга тухайн шатны Засаг дарга, хот, тосгоны Захирагчтай зөвшилцөн томилж, чөлөөлөх бөгөөд тухайн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй байна.
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
77.9.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга бөгөөд татварын улсын ерөнхий байцаагч нь энэ хуулийн 77.7.3, 77.7.4, 77.7.8, 77.7.13, 77.7.15-д зааснаас бусад 77.7 дахь хэсэгт заасан бүрэн эрхээс нийслэл, аймаг, хот, дүүргийн татварын албаны удирдлагад тушаалаар шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
77.10.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын эзгүйд түүнийг дэд дарга орлоно.