78 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

78 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж

78.1.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга энэ хуулийн 77.7.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд татварын алба үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх доор дурдсан зөвлөмжийг гаргаж болно:

78.1.1.татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн, эсхүл татварын албаны санаачилгаар татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж;

78.1.2.Маргаан таслах зөвлөл, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх зөвлөмж.

78.2.Татварын алба татвар төлөгч, төрийн болон бусад этгээдийн нууцад хамаарснаас бусад мэдээллийг агуулсан олон нийтэд нээлттэй зөвлөмжийн цахим сантай байна. Зөвлөмж гарснаас хойш 10 өдрийн дотор цахим санд нийтэлнэ.

78.3.Энэ хуулийн 78.1.1-д заасан хүсэлтийг дараах тохиолдолд татварын улсын ерөнхий байцаагч хүлээн авахаас татгалзаж болно:

78.3.1.татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад хамрагдаж байгаа, эсхүл татварын хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэн;

78.3.2.татварын алба нь хүсэлтэд дурдсан асуудлаар зөвлөмж гаргаж байсан;

78.3.3.татварын албаны чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хүсэлт гаргасан;

78.3.4.татвар төлөгч татварын асуудлаар Маргаан таслах зөвлөл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл татвар төлөгчтэй холбоотой хэрэг хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа;

78.3.5.татвараас зайлсхийх, зугтах зорилготой асуудлыг тусгасан;

78.3.6.хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбоотой татварын харилцааг тусгасан;

78.3.7.харилцан хамааралтай этгээд тогтоолгох болон үнэ шилжилтийн тохируулга, үнэ шилжилтийн тайлантай холбогдсон харилцааг тусгасан;

78.3.8.энэ хуулийн 78.7-д заасан журмаар тогтоосон шаардлага хангаагүй.

78.4.Зөвлөмж нь хуульд нийцээгүй болон энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол татварын улсын ерөнхий байцаагч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн буюу хэсэгчлэн хүчингүй болгож болно. Хүчингүй болгосон тухай хүсэлт гаргасан татвар төлөгч болон олон нийтэд мэдэгдэнэ.

78.5.Зөвлөмжид туссан асуудлаар татварын хууль тогтоомжид өөрчлөлт орсон бол түүнийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс зөвлөмжийг хүчингүйд тооцно.

78.6.Зөвлөмжөөр татвар төлөгчийн тухайлсан ажил, гүйлгээг татварын тайланд тусгах аливаа дүн, татварын ногдлын хэмжээг баталгаажуулахгүй.

78.7.Энэ зүйлийн зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, хүсэлтийн маягт, зөвлөмжийн маягт, зөвлөмжийг хүчингүй болгох, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.