79 дугаар зүйл. Татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

79 дугаар зүйл. Татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг

79.1.Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг мэдэгдэл, шаардах хуудас, битүүмжлэх акт, битүүмжлэлийн хуудас, нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудас, тэмдэглэл, татварын буцаан олголтын акт, нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, мэдэгдэх хуудас, шаардлага, суутгалын хүсэлт, хуваарилалтын тооцооллын акт, зарлан дуудах хуудас, битүүмжлэх мэдэгдэх хуудас, зөвлөмж болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна.

79.2.Энэ хуулийн 79.1-д заасан баримт бичигт түүнийг үйлдсэн албан тушаалтны нэр, гарын үсэг, гаргасан шийдвэр, тухайн шийдвэрийг гаргах үндэслэл, биелүүлэх хугацаа, баримт бичгийг гардуулсан он, сар, өдрийг тусгана.

79.3.Энэ хуулийн 79.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан болон түүний оршин байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар шууданд хийснээр, эсхүл цахимаар илгээснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно.

79.4.Энэ хуулийн 79.1-д заасан баримт бичгийг дараах үндэслэл, журмын дагуу үйлдэнэ:

79.4.1.татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичих бөгөөд түүнд татвар төлөгчийн болон татварын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, татварын албанд ирэх хугацаа, уг мэдэгдэл үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгах;

79.4.2.татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардах хуудас бичих бөгөөд түүнд шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж, хариу өгөх хугацаа, уг шаардах хуудсыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах;

79.4.3.татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах;

79.4.4.татварын хяналт шалгалтаар татварын хууль тогтоомж зөрчөөгүй нь тогтоогдвол илтгэх хуудас үйлдэх бөгөөд түүнд шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах;

79.4.5.татварын алба бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгчийн байр, агуулахад үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх, хөрөнгө битүүмжлэх, ярилцлага хийх, нөхөн ногдуулалтын актыг гардуулахдаа тэмдэглэл үйлдэх ба түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, тэмдэглэл үйлдсэн он, сар, өдөр, татвар төлөгчийн хаягийг тодорхой тусгаж, шаардлагатай гэж үзвэл тэмдэглэл үйлдэхэд байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах;

79.4.6.татварын албаны үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөнд алданги тооцож татвар төлөгчид олгоход татварын буцаан олголтын акт үйлдэж, түүнд буцаан олгох дүнг тогтоосон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, мөнгөн дүн, алданги тооцсон хугацаа, тооцсон алдангийн дүн, илүү төлсөн мөнгө, алдангийг тусгах;

79.4.7.татварын алба татвар төлөгчийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, батлан даагчаас гаргуулахдаа мэдэгдэх хуудас, татварын өрийг үл маргах журмаар болон авлагаас гаргуулахдаа битүүмжлэх мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнд татварын өрийн хэмжээ, төлөх эцсийн хугацаа, татварын өрийг төлөх банкны данс болон татвар төлөгчийн харилцах банк болон дансны дугаар, татвар төлөгчийн болон татвар төлөгчийн нэрийн өмнөөс татварын өрийг төлөх хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр зэрэг энэ хуульд заасан мэдээллийг тусгах;

79.4.8.татварын алба энэ хуулийн 30 дугаар зүйлийг хэрэгжүүлэхээр шаардлага үйлдэх бөгөөд түүнд шаардлага бичсэн шалтгаан, нөхцөл, татвар төлөгчийн, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн болон шаардлага үйлдсэн улсын байцаагчийн нэр, гарын үсэг, үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг бичих;

79.4.9.татварын өрийг татвар төлөгчийн хөрөнгөөс гаргуулахдаа энэ хуульд заасны дагуу битүүмжлэх акт болон битүүмжлэлийн хуудас үйлдэнэ. Битүүмжлэх акт, битүүмжлэлийн хуудаст татварын өрд хамаарах татварын тайлант хугацаа, татварын төрөл, төлөх хуулийн хугацаа болон хэмжээ, битүүмжилсэн хөрөнгийн нэр төрөл, тоо, шинж чанар, байршил, өртэй татвар төлөгчийн нэр, хаягийг тусгах;

79.4.10.өртэй татвар төлөгчийн хөрөнгийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа эхлүүлсэн байгууллагад татварын өрийг суутгуулахаар суутгалын хүсэлтийг хүргүүлэх бөгөөд түүнд өртэй татвар төлөгчийн нэр, хаяг, суутгуулах татварын тайлант хугацаа, татварын төрөл, төлөх хуулийн хугацаа, хэмжээ, суутгалын хүсэлтэд хамаарах албадан гүйцэтгэлээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн хөрөнгийн нэр төрөл, тоо, шинж чанар болон хаягийг тусгах;

79.4.11.татварын өр хураах зорилгоор татвар төлөгчийн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлогыг хуваарилахад хуваарилалтын тооцооллын акт үйлдэх бөгөөд түүнд татвар төлөгчийн нэр, хаяг, хуваарилбал зохих нийт мөнгөн хөрөнгө, битүүмжлэлд хамаарах татварын дүн, хуваарилах дараалал, хуваарилах мөнгөн дүн, авлагын хүсэлт гаргасан этгээдийн нэр, хаяг, авлагын хэмжээ, хуваарилах дараалал, хуваарилах мөнгөн дүн, хуваарилалтыг олгох хугацааг тусгах;

79.4.12.татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид уг зөрчлийг дахин гаргуулахгүй байх, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар зөвлөмж үйлдэх бөгөөд түүнд татварын төлөгчийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, хүргүүлсэн он, сар өдрийг тусгах;

79.4.13.татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулга болон эдгээртэй адилтгах нотлох баримтыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас гаргуулан авах зорилгоор зарлан дуудах хуудас үйлдэж, татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд татвар төлөгчийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, хүргүүлсэн он, сар өдрийг тусгах.

79.5.Татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичгийн загварыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

79.6.Энэ хуулийн 79.4-т заасан баримт бичгийг батлагдсан загварын дагуу дахин давтагдахгүй нэгдсэн дугаартайгаар ашиглах бөгөөд татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд заавал бүртгэнэ.

79.7.Татварын алба, татварын улсын байцаагч нь энэ зүйлд заасан баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг зөвшөөрөлгүй хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх, зориулалт бусаар ашиглахыг хориглоно.

79.8.Татвар төлөгч нь энэ зүйлд заасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.