84 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
84.1.Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:
84.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн;
84.1.2.нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй;
84.1.3.нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан боловч уг татварыг төсөвт төлөөгүй;
84.1.4.нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй этгээд бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэдгээрт албан татвар ногдуулсан боловч түүнийг төсөвт төлөөгүй;
84.1.5.төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтын мэдээллийг зөрүүтэй гаргасан, эсхүл падаан, төлбөрийн баримтыг үйлдээгүй.
84.2.Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгоно.