17 дугаар зүйл. Элэгдэл, хорогдол тооцох

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Элэгдэл, хорогдол тооцох

17.1.Албан татвар төлөгчийн нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл, хорогдлыг дараах байдлаар тооцно:

№ Хөрөнгийн бүлэг Ашиглах нийт хугацаа /жилээр/ Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Бусад 1 Барилга байгууламж, газрын тохижилт 40 25 2 Машин, механизм, техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 10 3 Компьютер, дагалдах тоног төхөөрөмж, программ хангамж 2 4 Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна./ Хүчин төгөлдөр байх хугацаанд 5 Бусад хөрөнгө 10

17.2.Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл хэсгийн дүнд элэгдэл, хорогдол тооцохгүй.

17.3.Хөрөнгийн элэгдэл, хорогдлыг шулуун шугамын аргаар байгуулна.

17.4.Эргэлтийн бус хөрөнгийг худалдан авах, барих, угсрах, тээвэрлэх болон тээвэрлэлттэй холбоотой даатгуулах зардлыг тухайн хөрөнгийн элэгдэл, хорогдол тооцох үнэлгээнд оруулж тооцно.

17.5.Энэ хуулийн 13.2.8-д заасан их засварын зардлыг уг хөрөнгийн үлдэгдэл өртөг дээр нэмж тооцох бөгөөд уг хөрөнгийг ашиглах үлдсэн хугацааны туршид элэгдэл, хорогдол тооцно.

17.6.Элэгдэл, хорогдол тооцох хөрөнгийн тодорхой хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлыг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдох орлогоос хасна.

17.7.Эргэлтийн хөрөнгө, газар, бараа, материалын нөөц, уран зураг, гар урлал, эртний эдлэл, үнэт эдлэл, эдгээртэй адилтгах бусад эд хөрөнгөд элэгдэл, хорогдол тооцохгүй.

17.8.Албан татвар төлөгч барилга байгууламж болон бусад хөрөнгийг хамтад нь худалдаж авсан тохиолдолд худалдан авсан үнийн дүнг худалдаж авсан хөрөнгө тус бүрд хуваарилна. Барилга байгууламжийг буулгаж тухайн газарт шинэ барилга байгууламж барих зорилгоор худалдаж авсан тохиолдолд тухайн барилга байгууламжийг буулгах зардал болон худалдан авсан үнийн дүнг барилгын өртөгт шингээж тооцно.

17.9.Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл, хорогдол тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа бүрмөсөн зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна.

17.10.Түрээслэгчийн ашиглах эрхтэй хөрөнгийн нийт үнийг гэрээний хугацаанд төлөх түрээсийн төлбөрийн нийлбэр дүнгээр тооцож, гэрээний хугацаагаар элэгдэл байгуулна.

17.11.Албан татвар төлөгчийн тухайн улиралд шинээр эзэмшсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг дараагийн сарын эхний өдрөөс эхлэн тооцно.

17.12.Барилга угсралтын шатанд байгаа хөрөнгийг үндсэн хөрөнгө болгон бүртгэж, зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн өдрийн дараагийн сарын эхний өдрөөс эхлэн элэгдэл, хорогдлыг байгуулна.

17.13.Ашигт малтмал болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, Газрын тосны тухай хуульд заасан гэрээлэгч аж ахуйн нэгж нь хайгуулын зардал, тусгай зөвшөөрлийн төлбөр, тусгай зөвшөөрөл эзэмших болон худалдах, шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг хуримтлуулан хайгуул үнэлгээний хөрөнгөөр бүртгэж, уурхай болон талбайн ашиглалтын хугацаанд элэгдэл, хорогдол байгуулна.

17.14.Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8-д заасан тусгай сан, Газрын тосны тухай хуулийн 11.2.9-д заасан данс, Цөмийн энергийн тухай хуулийн 28.9-д заасан санд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 17.13-т заасан хайгуул үнэлгээний хөрөнгөд тооцно.

17.15.Энэ хуулийн 17.1-д заасан "газрын тохижилт" гэдэгт уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой овоолго бэлтгэх зардал орохгүй.

17.16..Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй албан татвар төлөгч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийслэл хотын Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон бусад аймаг, хот, суманд шинээр бий болгосон энэ хуулийн 17.1 дэх хэсгийн 1-д заасан хөрөнгөд өөрийн сонголтоор 15 жилийн хугацаанд шулуун шугамын аргаар элэгдэл тооцож болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгөд элэгдэл тооцож эхлэхээс өмнө харьяалах татварын албанд мэдэгдсэн байна.

/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн "аймаг" гэсний дараа ", хот" гэж нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.