18 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

18.1.Албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод албан татварыг ногдуулна.

18.2.Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

18.3.Хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсан, шилжүүлсэн үнээс уг хувьцаа, үнэт цаасыг худалдаж авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн дүнг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

18.4.Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

18.5.Энэ хуулийн 10.1.4-т заасан биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулсан, шилжүүлсэн орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасаж тодорхойлно.

18.6.Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдох тухайн орлогын төрөл тус бүрийн нийт дүнгээр тооцно:

18.6.1.эрхийн шимтгэлийн орлого;

18.6.2.ногдол ашгийн орлого;

18.6.3.хүүгийн орлого;

18.6.4.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;

18.6.5.эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого; /Энэ заалтад 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.6.6.тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой аж ахуйн нэгжид шилжүүлсэн ашиг;

18.6.7.энэ хуулийн 11.1.5, 11.1.6-д заасан орлого;

18.6.8.энэ хуулийн 6.10-т заасан журмын дагуу бүртгүүлсэн төлөөний газраас бусад Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн энэ хуулийн 4.1.6, 4.1.7, 8.3-т заасан орлого.

18.7.Энэ хуулийн 10.1.2-т заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тухайн эрхийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно:

18.7.1.төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж;

18.7.2.бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр.

18.8.Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход энэ хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална.

18.9.Албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол ногдол ашгийн албан татвар ногдуулах орлогыг албан татвар төлөгчийн эзэмшиж байгаа хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилсан орлогын дүнгээс уг хувьцаа болон хөрөнгийг анх худалдан авсан үнийг хасаж тодорхойлно.

18.10.Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах, хадгаламж зээлийн хоршооны зээлийн эрсдэлийн сангийн албан татвар ногдох орлогоос хасагдсан зээлийг эргүүлэн төлсөн бол ийнхүү төлөгдсөн зээлийн дүнд энэ хуульд заасны дагуу албан татвар ногдуулна.

18.11.Даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн даатгалын үйл ажиллагааны нийт орлогоос эрх бүхий төрийн байгууллагаас баталсан дүрэмд заасны дагуу тухайн жилд байгуулсан нөөцийн сан болон үйл ажиллагааны зардлыг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

18.12.Төлөөний газрын албан татвар ногдуулах орлогыг энэ хуульд заасны дагуу Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлоготой ижил зарчмаар тодорхойлох бөгөөд төлөөний газар байснаар албан татвар ногдуулах орлогыг бууруулан тодорхойлох үндэслэл болохгүй.

18.13.Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 18.3-т заасны дагуу тодорхойлно. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

18.14.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.