19 дугаар зүйл. Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох

19.1.Албан татвар ногдох нийт орлогоос энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан зардлыг хасаж, зардлын илүү гарсан хэсгийг татварын тайлангаар гарсан алдагдал /цаашид "алдагдал" гэх/ гэнэ.

19.2.Харьяалах татварын албаар баталгаажуулсан ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг тухайн алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан дөрвөн жил бүр албан татвар ногдуулах орлогын нийт дүнгийн 50 хувиар хязгаарлан хасаж тооцно.

19.3.Татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд хасагдаагүй үлдсэн болон тухайн татварын жилд энэ хуулийн 19.2-т заасан хязгаараас хэтэрсэн алдагдлын дүнг цаашид албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцохгүй.

19.4.Нэгээс илүү татварын жилд алдагдал гарсан тохиолдолд алдагдал гарсан жилийн дарааллаар албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.

19.5.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгжийн гадаад улс дахь төлөөний газрын алдагдлыг Монгол Улс дахь аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй.

19.6.Энэ хуулийн 13.5-д заасны дагуу тооцоход гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохдоо ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч албан татвар төлөгчийн хувьд энэ хуулийн 26.9, 26.10, 26.11, 26.12, 26.13-т заасныг баримтална.

19.7.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, цуцлагдсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн тохиолдолд алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохдоо энэ хуулийн 19.6-д заасныг мөрдөхгүй.

19.8.Иргэний хууль, Компанийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх, тусгаарлах хэлбэрээр аж ахуйн нэгж өөрчлөн байгуулагдсан тохиолдолд хасагдаагүй үлдсэн алдагдлын дүнг цаашид албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцохгүй.

19.9.Энэ хуулийн 19.1-д заасан алдагдалд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх татварын жилийн татварын тайлангаар гарсан болон татварын албаны баталгаажуулаагүй алдагдал хамаарахгүй.

19.10.Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг бүтээн байгуулалтын ажил дуусаж, зорилтот үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхэлсэн жилийн дараагийн дараалсан татварын дөрвөн жилд албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцно.

19.11.Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.