20 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ

20.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

20.2.Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна:

20.2.1.энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод 10 хувиар;

20.2.2.энэ хуулийн 18.6.4-т заасан албан татвар ногдуулах орлогод 2 хувиар;

20.2.3.энэ хуулийн 18.6.5-д заасан орлогод 40 хувиар;

20.2.4.энэ хуулийн 18.6.6, 18.6.8, 18.13-т заасан орлогод 20 хувиар; /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар "18.6.8-д" гэснийг "18.6.8, 18.13-т" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.2.5.aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй /Үүнд энэ хуулийн 4.1.12, 30.1-д заасан этгээд мөн хамаарна./ Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн болон ногдол ашгийн орлогод 5 хувиар; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.2.6.Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар;

20.2.7.энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар.

20.2.8.оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.2.9.программ хангамж боловсруулах, хөгжүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өөрийн үндсэн үйл ажиллагаанд ашиглах программ хангамжийн эрхийн шимтгэл, сервер түрээслэх төлбөртэй холбоотойгоор Монгол Улсад байрладаггүй этгээдэд шилжүүлсэн орлогод 5 хувиар. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

20.3.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд тогтворжуулах гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаанд тогтворжуулсан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.

АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.