6 дугаар зүйл. Төлөөний газар
6.1.Энэ хуулийн 5.5.1-д заасан албан татвар төлөгчийн үйл ажиллагааг Монгол Улсад бүрэн болон хэсэгчлэн явуулж байгаа нэгжийг төлөөний газарт хамааруулна.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан төлөөний газарт дараах нэгжийг хамруулна:
6.2.1.аж ахуйг удирдан явуулдаг газар;
6.2.2.салбар, тасаг;
6.2.3.сургалт, семинар явуулдаг, үзэсгэлэн худалдаа эрхэлдэг газар;
6.2.4.агуулах, худалдаа, үйлчилгээний газар;
6.2.5.уурхай, газрын тос буюу байгалийн хийн цооног, уурхай буюу ашигт малтмал олборлодог газар;
6.2.6.үйлдвэр;
6.2.7.энэ хуулийн 6.1-д хамаарах бусад газар, нэгж, байр.
6.3.Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 90 ба түүнээс дээш хоногийн хугацаанд үргэлжлэх барилгын талбай, барилга байгууламж, угсралт буюу суурилуулалтын объект, тэдгээртэй холбоотой барилгын болон хяналтын үйл ажиллагаа эрхлэх нэгжийг төлөөний газарт тооцно.
6.4.Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног өөрийн ажиллагчид болон өөр бусад хөлсний ажилтнаар Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид техникийн, зөвлөхийн, удирдлагын, хяналтын болон бусад үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг төлөөний газарт тооцно.
6.5.Энэ хуулийн 6.3, 6.4-т заасан хугацааг ижил төрлийн, эсхүл харилцан холбоотой ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэхэд зарцуулах нийт хугацаагаар тооцно.
6.6.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсад дараах үйл ажиллагаа явуулдаг этгээдийг төлөөний газарт тооцно:
6.6.1.бараа, бүтээгдэхүүнийг хадгалдаг, борлуулдаг, нийлүүлдэг;
6.6.2.биечлэн гэрээ байгуулдаг, эсхүл Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн гэрээний гол нөхцөлийг өөрчлөхгүйгээр тухайн гэрээ байгуулах ажлыг удирдан зохион байгуулдаг.
6.7.Дараах шинжийн аль нэгийг агуулсан гэрээг энэ хуулийн 6.6.2-т заасан гэрээнд тооцно:
6.7.1.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн нэрээр байгуулагдах;
6.7.2.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өмчилдөг, эсхүл өмчилдөггүй боловч ашиглах, эзэмших эрхтэй хөрөнгийг шилжүүлэх, эсхүл тухайн хөрөнгийг ашиглах, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх;
6.7.3.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн үйлчилгээг үзүүлэх.
6.8.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7-д заасныг үл харгалзан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч нь бусад этгээдээр дамжуулан Монгол Улсад давхар даатгалаас бусад хэлбэрийн даатгалын хураамж авдаг буюу эрсдэлийн даатгал хийдэг бол түүнийг Монгол Улсад төлөөний газартай гэж үзнэ.
6.9.Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын хэлэлцээрт "Төлөөлөгчийн газар" гэснийг энэ хуульд заасан төлөөний газартай адилтгаж үзнэ.
6.10.Төлөөний газрын тайлангийн маягт болон төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
АЛБАН ТАТВАР НОГДОХ ОРЛОГО