21 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ
21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
21.2.Энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод дoор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна:
21.2.1.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;
21.2.2.энэ хуулийн 19.1.1-д заасан орлогын дүнд 5 хувиар;
21.2.3.энэ хуулийн 19.1.2-т заасан орлогын дүнд 40 хувиар;
21.2.4.энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар;
21.2.5.энэ хуулийн 20.1, 20.4-т заасан орлогын дүнд 20 хувиар. /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.3.Энэ хуулийн 15.6-д заасан орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулна.
21.4.Энэ хуулийн 12.1.3-т заасан орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл доор дурдсан хязгаарт багтаан тогтооно: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
21.4.1.ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд;
21.4.2.хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд.
21.5.Энэ хуулийн 21.2.4, 21.2.5-д заасныг үл харгалзан Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна.
АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ