13 дугаар зүйл. Хэмжил зүйн төрийн хяналт
13.1.Хэмжил зүйн төрийн хяналтыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх бөгөөд дарга нь салбарын улсын ерөнхий байцаагч байна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах хяналтыг хэрэгжүүлнэ:
13.2.1.хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
13.2.2.хэмжлийн нэгж нь зөвшөөрөгдсөн нэгжтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих;
13.2.3.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаанд хяналт тавих;
13.2.4.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих;
13.2.5.савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт тавих.
13.3.Энэ хуулийн 13.2.1-13.2.5-д заасан хэмжил зүйн хяналтыг хэрэгжүүлэх улсын байцаагч хэмжил зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
13.4.Хэмжил зүйн төрийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэмжил зүйн хяналтын үр дүнг энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан Зөвлөлд жил бүр тайлагнана.