11 дугаар зүйл. Терроризмтой тэмцэх зөвлөл
11.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, холбогдох төрийн байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий орон тооны бус Терроризмтой тэмцэх зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийг Тагнуулын ерөнхий газрын даргаар ахлуулан байгуулна.
11.2.Зөвлөл нь хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын албатай байх бөгөөд түүний албан хаагчийг Тагнуулын ерөнхий газрын дарга томилж, чөлөөлнө.
11.3.Ажлын албаны албан хаагч нь тагнуулын байгууллагын албан хаагч байна.
11.4.Зөвлөлийн ажиллах журам, ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газар, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн батална.
11.5.Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
11.6.Зөвлөл, түүний ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
11.7.Аймаг, нийслэл дэх Зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөл /цаашид "салбар зөвлөл" гэх/-ийг аймаг, нийслэлийн Засаг дарга даргална.
11.8.Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, бэлгэдэл, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.