16 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны хүч хэрэгсэл
16.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд доор дурдсан байгууллагын хүч хэрэгсэл оролцоно:
16.1.1.тагнуулын төв байгууллага, түүний төв болон орон нутаг дахь салбар, нэгж;
16.1.2.цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан байгууллага;
16.1.3.улсын хил хамгаалах байгууллага;
16.1.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
16.1.5.онцгой байдлын байгууллага;
16.1.6.дотоодын цэргийн штаб, анги, салбар;
16.1.7.терроризмтой тэмцэх Зөвлөлийн бусад бүрэлдэхүүн байгууллага;
16.1.8.зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн захирамжаар томилогдсон зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар.
16.1.9.төрийн тусгай хамгаалалтын байгууллага.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан байгууллагын мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн томилгоот хэсэг нь террорист үйлдлийн үед тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хими, биологийн бодис болон хүчтэй үйлчлэх хорт бодис илрүүлэх, аюулгүй болгох ажиллагааг гүйцэтгэнэ.
16.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд гадаадын цэрэг, тусгай хүчний салбар, нэгжийг Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуульд заасны дагуу оролцуулж болно.
16.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч зэрэг тусгай тоноглогдсон тээврийн хэрэгсэл, зэвсэг, галт хэрэглэл, албаны нохой болон бусад тусгай техник хэрэгсэл ашиглана.