23 дугаар зүйл. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх нийтлэг журам
23.1.Хориг арга хэмжээг энэ хуульд заасан журмын дагуу даруй хэрэгжүүлнэ.
23.2.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалт батлах, жагсаалтаас гаргах, түүнийг хянах, жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг царцаах, эрхийг түр хязгаарлах, жагсаалттай холбоотой гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх, гуравдагч этгээдийн хөрөнгийг тусгаарлах харилцааг зохицуулсан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Засгийн газар батална.
23.3.Тагнуулын байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг үндэслэн энэ хуулийн 23.2-т заасан журмын дагуу аливаа хүн, хуулийн этгээдийг хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авна.
23.4.Энэ хуулийн 23.2-т заасан журмын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ тухайн хүн, хуулийн этгээдтэй холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн эсэхээс үл хамаарна.
23.5.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 23.2-т заасан журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй.
23.6.Хүн, хуулийн этгээд аливаа үйлчилгээ үзүүлэхдээ хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцааж тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлнэ.
23.7.Хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, түүнд хяналт тавих ажлыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19.1-д заасан байгууллага хэрэгжүүлнэ.