15 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах

15.1.Зохицуулах зөвлөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд дараах хэлбэрээр уялдуулан зохицуулна:

15.1.1.гэмт хэргийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийг судалсны үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүнийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлох;

15.1.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бодлогын нэгдмэл байдлыг хангах;

15.1.3.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах арга хэмжээг авах;

15.1.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах байгууллага болон нутгийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, түүний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

15.1.5.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч этгээдээс гэмт хэргийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийн талаар статистик мэдээг шуурхай харилцан солилцох, хамтран дүн шинжилгээ хийх ажлыг зохицуулах;

15.1.6.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;

15.1.7.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гадаадын болон дотоодын дэвшилтэт техник, технологи, сайн туршлагыг судалж, түүнийг бусад байгууллага, орон нутагт нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

15.1.8.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа арга хэмжээний үр нөлөөг тогтмол судлах, үнэлэх;

15.1.9.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах;

15.1.10.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ашиглагддаг техник, технологи, арга ажиллагааны стандартыг боловсруулах, эрх бүхий байгууллагад хүргүүлж баталгаажуулах;

15.1.11.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх.

15.2.Зохицуулах болон Салбар зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хурлын шийдвэр нь тогтоол, зөвлөмж, мэдэгдэл хэлбэртэй байна.

15.3.Улсын хэмжээнд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дагнан зохицуулах үүрэг бүхий зөвлөлийг /цаашид "Дэд зөвлөл" гэх/ Зохицуулах зөвлөлийн дэргэд ажиллуулж болно.

15.4.Дэд зөвлөл тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг энэ хуулийн 15.1-д заасан хүрээнд тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулна.

15.5.Салбар болон Дэд зөвлөл түүнчлэн энэ хуулийн 13.1.2, 13.1.3-т заасан этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайланг Зохицуулах зөвлөлд жил бүр ирүүлнэ. Зохицуулах зөвлөл улсын хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын төлөв байдлын талаар нэгдсэн тайланг жил бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, хоёр жил тутамд Улсын Их Хуралд танилцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.