17 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн бүрэн эрх
17.1.Зохицуулах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.Дэд зөвлөл байгуулах, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;
17.1.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар улсын хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, түүний биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах;
17.1.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
17.1.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулахад оролцох;
17.1.5.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээний талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
17.1.6.өөрийн эрх хэмжээний хүрээнд төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагатай харилцах, хамтран ажиллах;
17.1.7.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцооны үр дүнтэй байдлыг хангах, төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
17.1.8.холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, эрдэмтдийн төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулан ажиллуулах;
17.1.9.Салбар болон Дэд зөвлөл, төрийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шалгалт хийх;
17.1.10.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах, түүнийг хэрэгжүүлэх талаар Салбар болон Дэд зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
17.1.11.төрийн захиргааны төв болон бусад байгууллага, Салбар болон Дэд зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажлын тайланг гаргуулан авах;
17.1.12.гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомж, Зөвлөлийн хуралдааны шийдвэрийн биелэлтийг төрийн захиргааны төв болон бусад байгууллагад өмчийн харьяалал харгалзахгүйгээр шалгах, түүний удирдах ажилтны илтгэл, сонсголыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж чиглэл өгөх;
17.1.13.нийтийн хэв журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хуваарилах, зарцуулах;
17.1.14.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас хагас, бүтэн жилээр гаргуулан авч, дүгнэлт хийх;
17.1.15.шаардлагатай гэж үзвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийн зарим хэсгийг Зохицуулах зөвлөлийн мэдэлд төвлөрүүлж, тодорхой цогц арга хэмжээнд зарцуулах;
17.1.16.Зохицуулах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулах, хариу авах;
17.1.17.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
17.1.18.хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл нь гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тохиолдолд энэ талаар үндэслэл бүхий санал, зөвлөмжийг хууль санаачлагч болон Улсын Их Хуралд хүргүүлэх;
17.1.19.Салбар зөвлөлийн ажиллах нийтлэг журмыг батлах. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Салбар болон Дэд зөвлөл нь өөрийн чиг үүрэгт хамаарах энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.