24 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах эрдэм шинжилгээний ажил
24.1.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах ажлыг эрхлэх эрдэм шинжилгээний байгууллага хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний харьяанд ажиллаж, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа баримтална.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасан эрдэм шинжилгээний байгууллага нь гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах шинжилгээ судалгааны ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон сонирхогч бусад хүн, хуулийн этгээдийн захиалгаар гүйцэтгэж, санхүүжнэ.
24.3.Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.3.1.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг хэрэгжүүлэгч болон нутгийн захиргааны байгууллага, нийгмийн тодорхой бүлгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдээллээр хангах;
24.3.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, арга хэрэгслийг ашиглах, хөгжүүлэх, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
24.3.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл, арга хэрэгслийг системчлэх, тэдгээрийн хийдэл, дутагдлыг арилгах;
24.3.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл, арга хэрэгслийг олон нийт болон шинжлэх ухааны бусад салбар, байгууллага, ажилтантай солилцох;
24.3.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, санал, санаачилга гаргах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд гарч болзошгүй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал боловсруулах;
24.3.6.хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ хийх;
24.3.7.энэ хуулийн 22.1-д заасан судалгааг явуулах.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ОРОЛЦОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ