25 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газрын бүрэн эрх
25.1.Засгийн газар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого, чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх;
25.1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт батлах;
25.1.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцооны үр нөлөөг сайжруулах, энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн төсөл боловсруулах;
25.1.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.4-т заасан чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг батлах;
25.1.5.энэ хуулийн 25.1.4-т заасан хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, Улсын Их Хуралд танилцуулах;
25.1.6.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журмыг батлах;
25.1.7.хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Зохицуулах зөвлөлийн журам, бүрэлдэхүүнийг батлах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.1.8.төрийн захиргааны төв болон Засгийн газрын агентлагийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавих;
25.1.9.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэшсэн нэгж, мэргэжилтэн бэлтгэх.
25.1.10.энэ хуулийн 8.2.10-т заасан зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах журам батлах. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
25.2.Засгийн газар нутгийн захиргааны байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.