38.1.Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх явцад олон нийтийн оролцоог хангана.
38.2.Энэ хуулийн 38.1-д заасан олон нийтийн оролцоог хангах ажиллагаа дараах байдлаар хэрэгжинэ:
38.2.1.Зохицуулах болон Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаанд иргэдийн төлөөллийг оролцуулах;
38.2.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд иргэдийн төлөөллийг оролцуулах;
38.2.3.хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тухайн төслийн талаар олон нийтийн саналыг авах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах;
38.2.4.хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад иргэдээс гаргасан саналыг судлан үзэж, шаардлагатай өөрчлөлтийг хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах;
38.2.5.хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлын талаар олон нийтийн дунд санал асуулга зохион байгуулах, хөтөлбөр, төлөвлөгөөг олон нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх;
38.2.6.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төсвийн зарцуулалтад олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох.