39 дугаар зүйл. Иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох баталгааг хангах
39.1.Иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцахгүй бөгөөд хохирлыг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
39.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлсэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцсонтой нь холбогдуулан хүн, хуулийн этгээдэд хохирол учирсан нь тогтоогдсон бол хохирлыг энэ хуулийн 46.1-д заасан хөрөнгөөс санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
39.3.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж яваад эрүүл мэндээрээ хохирсон, эсхүл амь насаа алдсан тохиолдолд түүнд болон ар гэрт нь дараах тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү болон зардлыг олгоно:
39.3.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү;
39.3.2.хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр болон авч байсан цалингийн зөрүү; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.3.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, авч байсан цалингийн зөрүү;
39.3.4.хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал.
39.4.Энэ хуулийн 39.3.2, 39.3.3-т заасан тэтгэвэр тогтоосноос хойш хохирогчийн тухайн үед авч байсан цалинд өөрчлөлт орсон бол зөрүүг шинээр тогтоосон хэмжээнээс тооцож олгоно.
39.5.Энэ хуулийн 39.3.2, 39.3.3-т заасан тэтгэвэр, цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар алдсаны болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.6.Энэ хуулийн 39.3-т заасан хүн нь тогтмол цалин, орлогогүй, эсхүл тодорхой ажил эрхлээгүйгээс тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүй бол түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр нөхөн төлбөр олгоно.
39.7.Нөхөн төлбөрийг тухайн хүнийг хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд олгоно.
39.8.Энэ хуулийн 39.3, 39.6-д заасан тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардал, нөхөн төлбөрийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
39.9.Энэ зүйлд заасан иргэний гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх үйл ажиллагаатай холбоотойгоор хохирсон хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэгэн адил хамаарна.