40 дугаар зүйл. Нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн байцаагчийг томилох

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн байцаагчийг томилох

40.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн бус байгууллага болон баг, хорооны Засаг даргын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэх олон нийтийн байцаагчийг томилон ажиллуулна.

40.2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүн амын нягтрал, гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшинг харгалзан харьяа нутаг дэвсгэртээ ажиллах олон нийтийн байцаагчийн тоог тогтооно.

40.3.Цагдаагийн байгууллага олон нийтийн байцаагчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд иргэд, хуулийн этгээд, олон нийтийн байцаагчид энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх үүрэгтэй.

40.4.Олон нийтийн байцаагчид энэ хуулийн 34.3-т заасан журмын дагуу урамшуулал олгоно.

40.5.Олон нийтийн байцаагч нийтийн хэв журмыг сахиулах талаар дараах эрх, үүрэг хүлээнэ:

40.5.1.хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах;

40.5.2.нийтийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны болон цагдаа, төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа ажилд оролцох, туслалцаа үзүүлэх;

40.5.3.хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл зохион байгуулж, илэрсэн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авах, холбогдох байгууллагад мэдэгдэх;

40.5.4.гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, хууль бус үйлдлээ зогсоох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах тухай шаардлага тавих, баримт бичиг шалгах;

40.5.5.гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгуулах.

40.6.Олон нийтийн байцаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрхээ хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана.

40.7.Олон нийтийн байцаагчийн ажиллах нийтлэг журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХОРИХ ЯЛ ЭДЛЭЭД СУЛЛАГДСАН ХҮНД ХЯНАЛТ ТОГТООХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.