41 дугаар зүйл. Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох
41.1.Эрүүгийн хуулийн 10.1, 11.2, 12.1, 12.3, 15.1, 15.5, 15.6, 16.2, 17.1, 18.6, 19.2, 19.5, 19.6, 19.8, 20.3, 20.7, 20.8, 26.1, 26.2, 26.3, 29.8, 29.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, хоёроос дээш жилийн хугацаагаар хорих ял эдэлж суллагдсан болон хоёроос дээш жилийн хугацаагаар хорих ял эдэлж, Эрүүгийн хуулийн 6.12, 6.13, 6.14 дүгээр зүйлд заасны дагуу хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, чөлөөлөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хяналтын хугацаа нь дууссан хүнд гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тогтооно.
41.2.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 13.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж дууссан, Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд заасны дагуу хорих ялаас өвчний учир чөлөөлөгдсөн болон Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд заасны дагуу уучлалд хамрагдсан хүний зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглан хяналт тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.3.Энэ хуулийн 41.1, 41.2-т заасан хяналтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, түүний алба хаагч гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн төв байгууллагын шийдвэрээр үйлдсэн гэмт хэргийн төрлөөс хамааран тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг дагнан хэрэгжүүлж байгаа цагдаагийн байгууллагын нэгж, алба хаагчид даалгаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.4.Хяналтад байгаа хүний хяналтын хугацаа дууссан бол уг хяналтыг тавьж байгаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын шийдвэрээр хяналтыг дуусгавар болгоно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.5.Энэ хуулийн 41.1, 41.2-т заасан хүн хорих ял эдлэн суллагдаж, эсхүл чөлөөлөгдөж байнга оршин суух газартаа очсоноос хойш долоо хоногийн дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.6.Хорих байгууллага хорих ял эдэлж байгаа хүнийг суллагдахаас 30 хоногийн өмнө, хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлд заасан хяналтын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө, Эрүүгийн хуулийн 6.12, 6.13, 6.14 дүгээр зүйлд заасны дагуу хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, чөлөөлөгдсөн даруй тус тус байнга оршин суух газрын цагдаагийн байгууллагад түүний суллагдах тухай мэдэгдлийг зохих тодорхойлолтын хамт хүргүүлнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.7.Энэ хуулийн 41.2-т заасан зорчих хөдөлгөөнд хяналт тавих тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./