42 дугаар зүйл. Хяналт тавих хугацаа

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Хяналт тавих хугацаа

42.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хяналтыг энэ хуулийн 41.1-д заасан хүнд оногдуулсан хорих ялын хугацаатай уялдуулан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын шийдвэрээр нэгээс гурван жил хүртэл хугацаагаар тогтооно.

42.2.Энэ хуулийн 41.2-т заасан хүнд шүүхээс оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хугацаагаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын шийдвэрээр хяналт тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

42.3.Хяналтад байгаа хүн урьд өмнө хяналтад байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн бол хяналтын хугацаа нь энэ хуулийн 42.1-д заасан хугацаан дээр хоёр жилийн хугацааг нэмж тогтооно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.4.Хяналтад байгаа хүн хяналтаас зайлсхийсэн /хуульд заасны дагуу бүртгүүлээгүй, эсхүл бүртгүүлсэн боловч гурван сар, түүнээс дээш хугацаагаар цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй/, оргон зайлсан /хуульд заасны дагуу бүртгүүлээгүй, эсхүл бүртгүүлсэн боловч зургаан сар, түүнээс дээш хугацаагаар цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй/, эсхүл энэ хуулийн 43.1-д заасан үүргээ удаа дараа /3 ба түүнээс дээш удаа/ биелүүлээгүй бол энэ хуулийн 42.1-д заасан албан тушаалтны шийдвэрээр хяналтын хугацааг тухай бүр зургаан сарын хугацаагаар сунгаж тогтооно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.5.Хяналтад байгаа хүн гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл гэмт хэрэг үйлдсэнд сэрдэгдэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тохиолдолд энэ хуулийн 42.1-д заасан албан тушаалтны шийдвэрээр тухайн үндэслэл арилах хүртэл хугацаагаар хяналтын хугацааг сунгаж болно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.6.Хяналтад байгаа хүн хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа бөгөөд ажил хөдөлмөр эрхлэлт, зан төлөвийн хувьд засарч нийгэмд бүрэн дасан зохицсон, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэх хангалттай үндэслэл тогтоогдсон, эсхүл гадаад улсад удаан хугацаагаар зорчих бол энэ хуулийн 42.1-д заасан албан тушаалтны шийдвэрээр хугацаанаас өмнө хяналтыг дуусгавар болгож болно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.7.Энэ хуулийн 42.3, 42.4, 42.5-т заасны дагуу хяналтын хугацааг сунгасан бол хяналт тавих нийт хугацаа нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан хорих ялын дээд хугацаанаас хэтэрч болохгүй. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.8.Хяналтын хувийн хэргийн загвар, хугацааг тогтоох жишгийг цагдаагийн төв байгууллагын дарга Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн тогтооно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.