10 дугаар зүйл. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
10.1.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, энэ хуулийн 10.3-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зориулалттай байна.
10.2.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
10.2.1.шүүхээс ногдуулсан торгох ялыг биелүүлж, төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
10.2.2.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэ хуулийн 10.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс хохирол барагдуулсан төлбөр.
10.3.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/, 12.3 дугаар зүйл /Бэлгийн мөлжлөг/, 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/, 13.2 дугаар зүйл /Хүн хулгайлах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хүчээр алга болгох/, 15.3 дугаар зүйл /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах/, 15.5 дугаар зүйл /Хууль бусаар үр хөндөх/, 16.1 дүгээр зүйл /Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах/, 16.3 дугаар зүйл /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/, 16.6 дугаар зүйл /Хүүхэд худалдах/, 16.7 дугаар зүйл /Хүүхэдтэй хэрцгий харьцах/, 16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 29.1 дүгээр зүйл /Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна:
10.3.1.эмчилгээний зардал;
10.3.2.оршуулгын зардал;
10.3.3.хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого.
10.4.Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлогдоно.
10.5.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журмыг Засгийн газар батална.