9 дугаар зүйл. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
9.1.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх зориулалттай байна.
9.2.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан эх үүсвэр болон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрдэнэ.
9.3.Энэ хуулийн 9.2-т заасан харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцүү хэмжээтэй байна.
9.4.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгийг энэ хуулийн 9.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
9.5.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламжийн ашиглалт, засвар арчилгааг тухайн байгууламжийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд хариуцна.
9.6.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно.
9.7.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.