11 дугаар зүйл. Засгийн газрын нөөц сан
11.1.Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээ болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.8-д заасан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, 4.1.15-д заасан гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах зорилгоор улс, орон нутгийн төсвийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлын хүрэлцэхгүй хэсгийг санхүүжүүлэх зориулалттай байна.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.2.Засгийн газрын нөөц сан нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
11.3.Засгийн газрын нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн төсвийн жилд төлөвлөгдөж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас ихгүй байна.
11.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.1-д заасан зориулалтаар өмнөх онд гарсан зардлын гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаарх судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхыг харгалзан тухайн жилд улсын төсвөөс Засгийн газрын нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
11.5.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
11.5.1.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах, эрсдэлийг бууруулах;
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.5.2.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;
11.5.3.алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг арилгах;
11.5.4.энэ хуулийн 11.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотой төсвийн жилийн дундуур баталсан Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;
11.5.5.Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах;
11.5.6.олон улсын гэрээний дагуу Монгол Улс төлж барагдуулах тухайн жилийн төсөвт тусгагдаагүй татвар, төлбөр, хураамжийг төлөх.
11.5.7.ээлжит бус, дахин, нөхөн сонгууль, ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах зардал.
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.6.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.