12 дугаар зүйл. Зэвсэгт хүчний хөгжлийн сан /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.1.Зэвсэгт хүчний хөгжлийн сан зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зориулалттай байна.
12.2.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
12.2.1.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон зохих хэсэг;
12.2.2.энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөр;
12.2.3.зэвсэглэлээс хасагдаж акт тавьсан зарим төрлийн техникийг худалдаж борлуулсны орлого;
12.2.4.улсын хэмжээний бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон ашиг;
12.2.5.энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр;
12.2.6.гадаад улстай байгуулсан цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд олгосон хандив, тусламжийн орлого.
12.3.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
12.3.1.зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх;
12.3.2.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул бий болсон үед, бусад олон талт үүрэг гүйцэтгэхэд хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт болон бэлтгэлийг хангуулах;
12.3.3.зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх;
12.3.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;
12.3.5.энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах;
12.3.6.батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин, албан хаагчийн нийгмийн хамгааллыг сайжруулах;
12.3.7.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн олон улсын гэрээний заалтын дагуу зориулалт зааж олгосон хандив, тусламжаас бусад орлогын 70-аас доошгүй хувийг энэ хуулийн 12.3.1, 12.3.2, 12.3.3, 12.3.4, 12.3.5-д заасан зориулалтаар санхүүжүүлэх;
12.3.8.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд оролцогч цэргийн алба хаагч амь насаа алдсан тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу түүний ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг олгох.
12.4.Энэ хуулийн 12.2.6-д заасан орлого, түүний зарцуулалтыг тухайн улстай байгуулсан гэрээний нөхцөл, болзолтой холбогдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцын зэрэглэлд хамааруулж болно.
12.5.Зэвсэгт хүчний хөгжлийн санг бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.