15 дугаар зүйл. Төсвийн тогтворжуулалтын сан

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Төсвийн тогтворжуулалтын сан

15.1.Төсвийн тогтворжуулалтын сан нь нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ.

15.2.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

15.2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн орлого;

15.2.2.төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг;

15.2.3.Засгийн газрын нөөц сангийн өмнөх жилийн зарцуулагдаагүй чөлөөт эх үүсвэр;

15.2.4.Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагаанаас олсон орлого;

15.2.5.бусад орлого.

15.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс дараах санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно:

15.3.1.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч, төсвийн тэнцэл баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг нөхөх;

15.3.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тохиолдлын улмаас үүссэн төсвийн санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг гаргах;

15.3.3.төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг нөхөх;

15.3.4.тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх.

15.4.Энэ хуулийн 15.3.1-д заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана.

15.5.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 15.3.1-д заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт багтаан зээл авч болно.

15.6.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг энэ хуулийн 15.3-т заасан зориулалтаар санхүүжилт хийхэд байнга хөрвөх чадвартай байлгах, эрсдэлээс хамгаалах, олон улсын санхүүгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн санхүүгийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

15.7.Энэ хуулийн 15.6-д заасан санхүүгийн нөөцийн удирдлагын хэрэгжилтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгаж Улсын Их Хуралд танилцуулна.

15.8.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.