16 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

16.1.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна.

16.2.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1, 16.4-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

16.3.Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодит өсөлт, мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс санд нэмж олгох болон зээлийн эргэн төлөлтөөс олгох зээлийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална.

16.4.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орон нутгийн төсвөөс хөрөнгө олгож болох бөгөөд түүний хэмжээг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.5.Энэ хуулийн 16.4-т заасан эх үүсвэрийг тухайн орон нутгийн энэ хуулийн 16.1-д заасан арга хэмжээнд зарцуулна.

16.6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

16.6.1.жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох;

16.6.2.жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргасан бол зээлийн хүүгийн татаас олгох;

16.6.3.жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд бизнес, инкубацийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт, давтан сургалтад хамруулах;

16.6.4.жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх;

16.6.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

16.6.6.шаардлагатай тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд чиглэсэн тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх;

16.6.7.энэ хуулийн 24.7-д заасан үйл ажиллагааг санхүүжүүлэх;

16.6.8.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үндсэн болон өр барагдуулахтай холбогдсон үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх.

16.7.Энэ хуулийн 16.6.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

16.8.Энэ хуулийн 16.6.1-д заасан хөнгөлөлттэй зээлийг банкаар дамжуулан олгох тохиолдолд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа, орон нутагт салбартай банкаар дамжуулж зээлдүүлнэ.

16.9.Энэ хуулийн 16.8-д зааснаас гадна банканд тавих нэмэлт шаардлага, нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.