17 дугаар зүйл. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан

17.1.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан нь хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний улсын бүртгэл, нотариатын болон консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зориулалттай байна.

17.2.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.2.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

17.3.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

17.3.1.хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарил буюу чандрыг эх оронд нь авчрах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;

17.3.2.хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, терроризм, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;

17.3.3.хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэн эх орондоо буцах зардалгүй тохиолдолд эх оронд нь буцаах;

17.3.4.гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;

17.3.5.энэ хуулийн 17.3.1, 17.3.2, 17.3.3, 17.3.4-т заасан иргэнд үндэсний гадаад паспорт буюу буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;

17.3.6.хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;

17.3.7.хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг Дипломат төлөөлөгчийн газраас эргэх;

17.3.8.гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын гэрээнд заасан Монголын талын эрх бүхий төрийн байгууллагаас гадаад улсад хүргүүлэх эрх зүйн туслалцааны хүсэлт болон холбогдох баримт бичгийг гадаад хэл рүү орчуулах төлбөрийг гаргах.

17.4.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.