24 дугаар зүйл. Тусгай сангийн тайлагнал, ил тод байдал
24.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тусгай сангийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан тайланд тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
24.2.Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нь нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.
24.3.Тусгай сангийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
24.4.Засгийн газрын нөөц сан, Төсвийн тогтворжуулалтийн сангийн зарцуулалтын тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуулийн 54.4-т заасан тайланд тусгаж, Засгийн газар болон Улсын Их Хуралд тайлагнана.
24.5.Тусгай сангийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
24.6.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18-д заасан тусгай сан шинээр олгох зээлийн эх үүсвэрийн хэмжээ, сонгон шалгаруулалтын журам, тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, мэдээллийг тогтмол шинэчилнэ. /Энэ хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.7.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.20-д заасан тусгай сангаас зээл, буцалтгүй тусламж, санхүүгийн дэмжлэг авахаар хүсэлт ирүүлсэн иргэд, хуулийн этгээдийн бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна. /Энэ хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./